• Enkhe

Сибирийн жавар

Ѳглѳѳ дэлгүүр орчоод гэртээ харих замдаа ойгоор жаахан алхав. Энэ ѳвѳл ингэж цаснаар салхинд гараагүй сайхан байлаа. Ер нь шинэ жил, цагаан сарын банш бууз нэлээн тухласан учир хэргээр урт зам сонгож байгаа нь тэр.

Энэ ѳнгѳрсѳн хэдэн хоног Швейцарт маш их хүйтрэв. Ойрын 27 жил болоогүй хүйтэн юм байна. Энд ирсээр би анх удаа ингэж хүйтрэхийг харав. Сибирээс ирсэн хүйтэн агаарын урсгал юм байх. Эхний хэдэн ѳдѳртѳѳ салхитайгаас гадна их хуурай хүйтэн байснаа ѳчигдѳр шѳнѳѳс эхлээд нэвсийтэл цас дарж эхлэв. Хүйтний эрч ч сулрав.

Эндэхийн хүмүүс хѳгшин залуугүй ѳвѳлд малгай ѳмсѳх нь ховор. Тэр ч бүү хэл эмээ нар нимгэхэн трикотой, ботинк ѳмсѳѳд явах нь бий. Зарим нь малгай ѳмсѳх дургүй гэх, зарим нь дэндүү халууцдаг, зарим нь бол үснийхээ засалтыг баллахгүйн тулд малгай ѳмсдѳггүй гэх. Арга ч үгүй биз! Ганц үсчинд ороод энгийн засалт хийлгээд гарахад наад зах нь 65 франк. Харин энэ ѳвѳл анх удаагаа ѳчнѳѳн тѳчнѳѳн малгайтай, ороолтоороо багласан хүмүүс харахад надад их сайхан байв. Монголчуудын дургүй зүйл нь ѳвлийн хүйтэнд толгой нүцгэн явж байгаа хүн харах бололтой. Зарим найз нараа анх удаа малгаа ѳмссѳн байхыг харах бас их зугаатай байв. Танилуудтайгаа уулзаад мэндэлсний дараах үг бол ерѳѳсѳѳ л "яасан хүйтэн байна аа", дараагаар нь надаас асуух асуулт нь бол "чи ч хүйтэнд дасцан байлгүй, одоо Монголд хэдэн градус байгаа бол".

Хүйтэнд дасах гэснээс, оюутан байхад автобусны зогсоол дээр хѳлдүүс болох шахдаг байж билээ. Автобусны цагийн хуваарь гэж ямар байсан биш, цагт нь дѳхүүлж гарна гэсэн юм байхгүй, аль болох эрт гарч, хүлээж хүлээж байж арай гэж нэг юм чихэлдэж ороод л хичээлдээ явдаг байж. Намхан над шиг хүнд хүний энгэр цээж, нуруунд наалдах бол энүүхэнд. Ѳндѳр хүмүүст, хүний ѳѳдѳѳс харж зогсох хэр аятайхан байсан бол гэж бодогдох. За тэгээд тѳсѳѳлѳѳд байвал барагдахгүй.

Автобусны цагийн хуваарь гэснээс, Швейцарын цагийн хуваарь гэж их сайхан юм бий. Дэлхийд алдартай цагны үйлдвэрүүдтэй болохоороо тэрүү, эсвэл цаг баримталдаг учраас цагны үйлдвэрлэлээрээ амжилтанд хүрсэн үү, бодох л асуудал. Ямартаа ч цагийн хуваариа харж байгаад гэрээсээ гарахад алдаад байх юм байхгүй, Буудал дээр нэг их хүлээгээд зогсоод, утсаа оролдоод гиеүрээд байх юм гарахгүй. Цагийн юм цагтаа, гүйгээд хүрээд ирэхэд автобус хаалгаа хаагаад явах бол энүүхэнд. Сүртэй энэ тэрээр нь дуудах бол энд утгагүй асуудал. Монголд ѳргѳн хэрэглэгддэг зарим үг энд ховор хэрэглэгдэнэ.

За ингээд ойд авсан хэдэн зургаасаа хуваалцая.











           Villars-sur-Glâne, Fribourg    |    ts.enkhe@gmail.com    |    +41 79 523 15 62

©Enkhtsetseg Tserenbadam